Tuesday, 30 September 2008

Эмч андууддаа

Үйлс нь улирлын босгонд хагдардаггүй цэцэг шиг
Үргэлж дэлбээлж явдаг
Ухаан далай энэрэх сэтгэлтэй эмч нар
Ургах наран мэт ангийн андууд минь ээ


Итгэлээр цангах хорвоод
сэтгэлээрээ ханьсах андтай боллоо би
Энэрлээр ангах хорвоод
зүрхээрээ ойрхон байх нөхөдтэй боллоо би

Нарт ертөнцөд эмч гэж даруухан бас бардам хэлэх
Нандин хэрнээ хүнээс харамлаж үл болох мэргэжлээ хайрлаж
Сүүдэр мэт дагах үхлийн хар салхийг эрдмээрээ цайруулж
Сүүн замаар дандаа дардан амьдраарай
Давс мэт гашуун үг ч бас амттайг санаж
Даруу зан гаргаж бусдаас дандаа суралцаарай.

Эрдмийн эхлэл болсон оюутны лекцийн дэвтрүүдээ
Энэрлийн эхлэл болсон цагаахан өнгөтэй өмсгөлөө
Амьдарлын эхлэл болсон дурсгал дүүрэн хөгжөөнт мөчүүдээ
Аз жаргалын эхлэл болсон дурсамж дүүрэн зургаан жилээ
Сургуулийн мөнгөн танхимаа, багшийнхаа алтан сургаальд өлгийдөж

Сүүн дусал өргөж, сэтгэлийн гүндээ хадгалж яваарай.




2006 онд ЭМШУИС А-604 ангийн андууддаа зориулав.

Хүйн холбоотой эх орон


Хүмүүн болон ээжийн умайд бойжсон арван сар
Хүйгээрээ би эжийнхээ бүлээн цусаар тэжээгдсэн
Хүж дэлхийд үлдэх амьдарлаа элээхдээ
Хүйгээрээ эх орныхоо халуун хайраар тэжээгддэг.

Аяа хүйг минь өлгийдөж хадгалсан миний эх орон
Атга шороо балга ус нь алтнаас үнэтэй миний эх орон
Өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн миний эх орон
Өнө мөнхөд орших учиртай миний эх орон.

Алсын алсад таниасаа хол байгаа боловч
Ардаа би эх оронтойгоо хүйгээрээ холбоотойгоо мэдэрдэг
Зүйрмэглэх зуур түмэн бээрийг ганцхан мөчид алгасаж
Зүүдэндээ таныгаа бүтэн тойрч салхиар тань нулимсаа арчдагаа
Зүйргүй уудам талынхаа чулууг нь өвөртөлж барахгүй ч гэсэн
Зүрхэндээ таныгаа бүхлээр нь багтааж сэтгэлээ аргадан уярдагаа би

Хуримын даашинз өмсөхөөсөө өмнө


Хунгийн өд өдлөж гүйцээд далиа дэлгэж нисэх боллоо
Хувь заяанд сөгдөж ижлээ орхин салах боллоо
Нугын цэцгэн бөгжөөр сүйлсэн түүнийхээ гараас тавиад
Нуурандаа хайраа үлдээгээд алслан одох боллоо


Ижилдэн дассан хайрын минь нуур чи
Эзгүйрч хоцорсон ч түүнтэй минь наадаарай
Үүлэн шүүдэр шүржиж эгшиг хайрладаг нуурын минь зэгс чи
Үдэш бүр түүнд минь үлгэр шивнэж саатуулаарай
Одод нь сувд болж нуурыг минь шагнадаг тэнгэр чи
Онгон сэтгэлийн хөг хайрын минь гэрч болоорой

Хувь тавилангийн нууранд живж амьд явахгүйн тулд
Хунт нуурандаа охин насаа үдмээр байна
Хүний нууранд гунигийн нулимс дуслуулмааргүй байна
Хуримын даашинз өмсөхөөсөө өмнө түүнийх болмоор байна би

Азийн зүрхэнд монгол хүн сэтгэлтэйгээ хамт оршдог


Монгол хүн
Шувууны өндгөнд сүүдрээ тусгахвий гэж сэтгэлтэйгээ хамт зайлдаг
Шувуудын цувааг буцахад нь ирэхийг бэлэгдэж тоололгүй сэтгэлтэйгээ хамт үддэг
Ээжийн чанасан цэгээн хярамд сэтгэлтэй хамт цангаа тайлагдаж
Эмээлийн дөрөөнд дусаасан сүүнд сэтгэл сөгдөж эрдмийн оргилд мацдаг аа.


Монгол хүн
Молор эрдэнэ мориныхоо дэлэн дээр сэтгэлтэйгээ давхиж цагийн хүрдийг зохиодог
Морин хуурийн хоёрхон утас хөндөж дэлхийн сэтгэлийг уяраадаг
Аргалын элчинд гэрээ сэтгэлтэйгээ хамт дулаацуулдаг
Ахаас ирсэн томдсон хувцасыг сэтгэлтэйгээ хамт дүүргэдэг

Монгол хүн
Сархадын дээжийг тэнгэрт сэтгэлтэйгээ хамт өргөж сүлдээ даатгадаг
Сайхан бүсгүйчүүлээ дуунд мөнхөлж сэтгэлдээ хайрлаж жаргадаг
Мандал эх дэлхийгээ хайрлан сэтгэлээрээ цацал өргөдөг
Манхан тал нутагаа сэтгэлдээ багтааж онгон байгалиа шүтдэг ээ.

Монгол хүн
Аавынхаа дээлэнд ах дүү хоёул сэтгэлтэйгээ хамт багтдаг
Ардын дуунд уяарч нулимсаа сэтгэлтэйгээ хамт мэлмэрүүлдэг
Таалагдсан хүнд хариу нэхэлгүй дээлээ тайлж, сэтгэлтэйгээ хамт өгдөг
Талын салхинд сэтгэлийн үгээ дайж эжий аавдаа хүргэдэг ээ.

Монголын минь
Тэнүүн говь нь сэтгэлтэй хамт нүд баясган зэрэглээтдэг
Тэрлэсэн шүлүүд сэтгэлтэй хамт ухаарал нэмж зоригжуулдаг
Талын цэцэгс сэтгэлтэй хамт байгаль эжийг чимдэг
Танан гэрүүд сэтгэлтэй хамт газрын зулайг гоёдог оо.

Монголын минь
Саалийн хувинд сүү сэтгэлтэй хамт халгин дүүрдэг
Сайхан буурлуудын сургааль ухаажуулж сэтгэлийн харааг тэлдэг
Тогоотой сүү сэтгэлтэй хамт галын элчинд өрөмтдөг
Тооноор унасан сарны туяа сэтгэлд наадаж зүүд манан хонодог оо.

Монголын минь
Хөхүүртэй айраг сэтгэлтэй хамт шаагин эсч эрийн хийморийг өргөдөг
Хөх тэнгэрт нь шувууд жиргэж сэтгэлийн хөгжмийг хөглөдөг
Алдарт найрагчид сэтгэлтэйгээ хамт эх орноо магтан шүлэглэдэг
Азийн зүрхэнд монгол хүн сэтгэлтэйгээ хамт ямагт оршдог оо

Thursday, 25 September 2008

Би ганцхан хувь

Орчлон хүүхнээр дүүрэн гэдгийг би мэднэ
Одсон нэгнийг орлуулах нэг нь олдохгүй гэж би маргахгүй
Гэзэг нь урт ухаан нь богино гэгддэг бүсгүй хүнээр бороо орсон ч
Гэхдээ л би энэ хорвоод ганцхан хувь
Миний хайрыг чи бусдынхаар нөхөхгүй
Миний харцыг чи хэн нэгнээс олж харахгүй
Миний үнсэлтээр хэн ч чамайг үнсэхгүй
Миний сэтгэл шиг тийм сэтгэл хэзээ ч чамтай учрахгүй
Мэлзэх хэрэггүй би ганцхан хувь... .

Monday, 22 September 2008

Ангир цээжийг минь энхрийлэн хараарай



Энгэр задгай нүцгэн байхыг минь
Ичингүйрч догдлолгүй сайн хараарай
Энэхэн биеэ чамдаа л харуулах гэж
Ээжий минь намайг сайхан төрүүлсэн юм.

 
Оддын ирмэхийг, сарны аяаглахыг анзааралгүй
Ойртож ирээд намайгаа хараарай
Онгон биеэ чамдаа л харуулах гэж
Орчлонд би үзэсгэлэн гоо төрсөн юм.

 
Асгарсан хархан гэзэгнээс өөр гоёлгүй
Ангир цээжийг минь энхрийлэн хараарай
Хайртынхаа харцанд үзэсгэлэнтэй болог гэж
Хатан дэлхий намайг бүсгүй хүн болгосон юм.

Би бүсгүй хүн


Намайг бүсгүй хүн гэдгийг мэддэггүй байлтай
Наадаж хошигносон тоглоом чинь хэтрээд байх юм
Омголон хүүхэд зангаа чи минь гээгээгүй гэлтэй
Одоо хүртэл багынх шигээ шоглоод байх юм.

Хайрга чулуугаар айл гэрдэж тоглодог байсан балчир нас минь
Хавар хаврын зөөлөн салхитай үерхэж биднийг нэгэнт орхижээ
Одсон он жилүүд хүүхэд насыг минь хайр найргүй элээж
Одоо бид хоёр нэгэнт том хүмүүс болцгоожээ.
Цаг хугацааг хоёулаа буцааж чадахгүйгээс хойш
Цал буурал өтгөс болтоо тоглоод байх хэрэг үү.

Сэмэрхий хормойгоо дэрвүүлэн гүйдэг байсан охин насны минь дурсамж
Сэтгэлд минь хааяа гуниг дусаан бороо болон шивэрдэг юм
Насан багын тоглоом минь амьдрал болон цэцэглээгүйгээс хойш
Намайг балчир охин биш, бүсгүй хүн гэдгийг минь бүү мартаарай. \

Чи минь
Хэн ч харсан догдлохгүй байхын аргагүй идэр сайхан эр болжээ
Хэнзхэн бяцхан үрдээ хэнээр ч солимгүй сайн аав болжээ
Эхнэрийн чинь хуруун дахь бөгж минийхэд байсан болоосой гэж гуних үе байсаан надад
Эргэх цаг хугацаа сэтгэлийг минь "эвлэрэх" гэдэг эмээр эдгээсээн.

Одоо
Хэн нэгэн эртэй болзохдоо чамаас би асуумааргүй байна
Хэдийд хэнтэй гэрлэхээ ч чамаар би заалгамааргүй байна
Найзаа гэж бодоод зөвлөдөгт чинь би баярлах ёстой бол чадахгүй
Надаас асууж байж эхнэр авсан билүү чи
Согтуудаа надад хайртай гэж хэлсэн гэлүү
Сэтгэлийн биш гашуун архины үг байсан гээд би бодчихьё.

Сонс
Их амьдарлын тооно түшилцсэн чамд би хайргүй ээ
Ихэр заяатай бүсгүй хүний нөхөрт би хайргүй
Цангинасан дуутай өхөөрдөм хүүгийн аавд би хайргүй
Цаг хугацааны сорилтонд бүдэрсэн тэнэг найздаа би хайргүй.

Гэвч
Өөрт минь хайрыг анх мэдрүүлсэн тэр л хөвгүүнд хайртай
Өхөөрдөн намайг л ширтдэг байсан харцанд нь би хайртай
Өөрөөсөө харамлаж өгдөг байсан чихэрт нь би хайртай
Өрж тоглодог байсан чулуунууддаа би хайртай
Өнгөрсөн хорин жилийн үерхэлдээ би хайртай

Гэхдээ
Хээрийн чулуун гэрт үлдсэн дурлалын хойноос толгой гудайх араншингүй
Хэн нэгний өмч биш би бүсгүй хүн.
Эзгүй хоосон сэтгэлийн орон зайгаа дүүргэх хайраа эрж байгаа
Эгэл нэгэн аавын хүүд дурлах эрхтэй би бүсгүй хүн.

Миний зураг


Гартаа бийр бариад будагч боллоо
Сэтгэлдээ бийр бариад найрагч боллоо
Орчлонг ганцхан өнгөөр будъя гэлээ
Оргилсон сэтгэлээ дийлэхгүй
өнгийн будгаа дэлгэлээ.


Ногоон өнгө сонгов.
Уулын модыг навч цэцэгтэй нь ногооноор будлаа
Уран байгаль цомирлогоо дэлгэн сэтгэл сэргээлээ
Давраад алтан нараа шидэт цацрагтай нь ногооноор будав
Унаган байгалийн уран цомирлогийг харж чадсангүй ээ.


Шар өнгө сонгов.
Алтан нараа шидэт цацрагтай нь шараар будлаа
Алаг дэлхийд гэгээ цацруулан сэтгэл сэргээлээ
Давраад их тэнгэрээ эрхэс ододтой нь шараар будав
Алтан нарны асгарах туяаг харж чадсангүй ээ.


Хөх өнгө сонгов
Мөнх тэнгэрээ эрхэс гаригтай нь хөхөөр будлаа
Мөрөөдөл зөгнөж, одод мишээн сэтгэл сэргээлээ
Давраад цалин өвлийг цасан охидтой нь цагаанаар будав
Мөнх тэнгэрийн мөнхөд цэлмэхийг харж чадсангүй ээ.


Цагаан өнгө сонгов.
Цалин өвлийг цасан охидтой нь цагаанаар будлаа
Цасан ширхэг агаарт бүжиглэн сэтгэл сэргээлээ
Давраад уулын модыг навч цэцэгтэй нь цагаанаар будав
Цасан ширхгийн цалгин бүжихийг харж чадсангүй ээ.


Хорвоогийн өнгийг хольж болохгүйг
Хоёр өнгө ямар ялгаатайг мэдлээ
Амьдрал өөрөө алаг цоохрыг
Аз жаргал өнгөнд бус сэтгэлд оршдог гэдгийг ойлголоо

Хууран мэхлэлт байхгүй бол үнэнч сэтгэл гэж байхгүй
Хувиа хичээлт үгүй бол сайхан сэтгэлийг хүн ойлгохгүй ээ.
Гомдол цөхрөл гэж байдаг болохоор уучлалт гэж байдаг юм
Голох гологдох гэж байдаг болохоор шилэгдэхийн тулд амьдардаг юм.

Өштөн дайсан гэж байхгүй бол анд найз гэж байхгүй
Өлсөх ундаасах гэж үгүй бол цадахыг хүн мэдэхгүй
Өвчин зовлон гэж байхгүй бол асран тэтгэхийг ухаарахгүй
Өнчирч хүн хоцордоггүй бол эцэг эхээ ачлахыг санахгүй ээ.
Би байгаа болохоор өөр хэн нэгэн байхгүй, энэ хорвоод
Өөр нэгэн байхын цагт би, бид байхгүй.

Friday, 5 September 2008

Аавдаа илгээсэн хүүгийн захидал



Өглөөний нарыг өөрийгөө гэж андуурсан
Үдийн нарыг таныг гэж ташаарсан намайг хайрласаар байна уу ааваа
Эсвэл өр зүрхнийхээ эс болгонд хүүдээ гомдол тээгээд
Эргэх хорвоогийн өнгөнд бүдгэрч явна уу миний ааваа


Эхнийнх нь гэдгийг хүү нь
Эзэндээ гомдож цөхөрсөн уруулыг минь давж гарсан хараалын тоогоор батлан хэлье
Энэнээс өөр хүүд нь ихэрхэх юм байхгүй
Хүн гэдэг нэрийг дуулснаасаа хойш анх удаа л
Хүү нь үнэн юмыг эрүүл ухаанаар баттай хэлж байна

Өмнө нь гашуун дарсанд дурлаж, гоёсон хүүхэнд нүд унагаж
Мөнгөөр орчлонг хэмжиж, хөгшдийг амаараа үхүүлж
Мөнх залуугаараа үлдэх юм шиг нүгэл бүхнийг хийж явсан
Тэвчимгүй зан авирыг минь та засах л гэж үг хэлнэ, хааяа гар хүрнэ
Тэр бүхэнд гашуун хорсол зангидан өөрийгөө ямагт зөвтгөнө
Ээжгүйгээрээ таныг айлгаж, үхэлд нь буруутгаж
Зовж ганцаардсан сэтгэлийн гунигийг тань нимгэлэхийн оронд
Зовлонгийн дөлөн дээр тань тос асган улам дэвэргэсээн
Ээжийг үхүүлсэн нь та биш би байсан юм
Энэ дэлхий миний ирэх ёсгүй газар байсан юм
Хэрэггүй би л тэр мөчид хүн болох гэж тэмцээгүй бол
Намайг үгүй гээд ээжий амьд үлдэж
Надгүйгээр та хоёр минь олон үртэй болох байсан.

Ээжээ гэж дуудаж, эрхлэх нь бүү хэл сүүгээ амлаж амжаагүй би
Эхийн хайрыг үеийнхнийхээ амнаас сонсон атаархсандаа танийгаа шийтгэж
Хорин тавхан насандаа ханиасаа хагацсан таныхаа залуу насыг
Хорт могой шиг ганцаараа, хэнтэй ч хуваалгүй сорчихжээ
Үрийнхээ төлөө өөрийгөө мартсан аавыгаа “ганцаараа үх” гэж тавлаж
Үхлийн өлөн зардсаас доор авирласандаа би буруутай

Санаж байна уу ааваа тэр хар өдрийг
Хэлэхэд ч хэл урагдам муухай үгсийг
Хэдэн жилийн өмнө таньдаа би хэлсэн
Босго өшиглөн гарч явахдаа би хэзээ ч
Бэх цаас бариад ийнхүү бичнэ гэж таагаагүй
Он жилийн уртыг та минь яаж өнгөрөөгөө бол
Одоо нэгэнт арван жилийн хар түүх бичигджээ
Хорин насны аархал гэж үүнийг хэлэхгүй ээ
Хувь заяаг өөрийнхөөрөө бичих гэсэн миний уучламгүй алдаа
Тахимдсан цаг хугацааг буцааж болдоггүй энэ орчлонг
Таньдаа уурладаг байсан шигээ хараагаад ч буцаад ирэхгүй
Ганц хүүгээс нь өөр харах хүнгүй танийгаа яав гэж нэг ч сураг тавиагүй
Харин тавьсан өрөө эцгээс ав гэж яллахаа би мартаагүй.
Уусан архи, хүүхэндсэн шоу болгоныхоо төлөөсийг аавруугаа явуулахдаа
Ууруудаж хөл толгойгоо алдсан хүүгээ хараг гэж бахлаж
Таны хар дарсан зүүд байхыг хүсэж өөрийгөө ирлэдэг байлаа
Таныг үхэвч ясыг тань амраахгүй дээ гэж өөртөө амладаг байлаа.

Ааваа, авсан цалингаасаа хэдийг нь өөртөө хэрэглэдэг байсан бэ
Ахиад амьдрал зохиохсон гэж та бодоогүй гэжүү
Тэгж их хүсээд байсан ээжийг нь таалагдсан нэгэн бүсгүйгээр хийчихээд
Тэвчимгүй хоосон сэтгэлийн жавраа бүсгүй хүнээр үргээлгэхгүй яав даа
Алдаж хүн биш болсон хүүгийнхээ хойноос өвгөн болтлоо зүтгэхдээ
Амлалтын төлөө юу ? ээжид өгсөн
Аль эсвэл ачлалгүй хүүдээ тийм их хайртайнх уу
Хайрлах тусам үзэн ядна гэж хэлсэн үгийг минь та тоолгүй
Хамгийн сайхныг хүүдээ хүсч, бурханд даатгахаа ч мартаагүй

Одоогоос найман жилийн өмнө би согтуудаа
Өсөж төрсөн гэрийнхээ хажуугаар эргэж ч харалгүй гараад
Утаатай саарал даавуун бүрээсрүүгээ нулимчихаад
Урд айлын таны найз өвгөнийхөөр архи горьдож орсон.
Аавын дайтай бууралруу согтуу нүдээр харж
Архи нэхэж, баашилж уйлж уяраана гэж бодсон
Ухаант буурал намайг хүүгийнхээ адил хайрлаж
Ухаарлын сүлдгүй надад таны минь тухай хэлсэн
Газар дээрх ганц хүүгийнхээ үрийг нь харчихаад л үхэхсэн гэж
Ганихан чин хүслээ та минь халамцахдаа хэлдэг гэсэн
Сонсох чимэггүй ч хүү нь тэр үед
Солиотой өвгөн зөнөчихөж гэж хараал урсгаж цамнасан
Аав чинь эмнэлэгт чамайг хүлээж байгаа гэхэд
Адгийн шаар хүү нь таныг “үхээсэй” гэж хараасан

Эмнэлэгт зовж шаналж байх хойгуур тань хүү нь гэртээ ороод
Эндээс юу авч болох бэ гэж гэрээ нэвт тойруулан харсан
Таныг жоортой гэж, бүр хаана нуудгийг тань мэддэг болохоороо
Танил үнэртэй багын баривчинд минь хийж хадгалсан
Талхны цайны мөнгөнөөсөө хэмнэсэн, хөлс шингэсэн хэдхэн төгрөгийг
Талыг нь ч биш бүгдийг нь хоослоод авчихсан
Эхнэр авахад минь гээд бэлдчихсэн байсан таван ханатыг балга уснаас өгөөд
Эргэж ч харалгүй хотын машинд суугаад арилсан
Харьж гэртээ ирээд цусаар уйлсныг тань би хожим сонссон
Харамч амьтан аваад үхэх гээ юу гэж хараагаад өнгөрсөн
Харамссан зүйл нь эд мөнгө биш хүү нь байсан гэдгийг тэгэхэд ойлгоогүй ээ би
Хатуу хорвоо миний аавд даанч тэнэг хүү заяаж дээ
Одсон он жилүүдэд яажшуухан амьдарсныг тань би асууж зүрхлэхгүй ээ ааваа
Асуух ч хэрэггүй
Одоо ч гэсэн таныгаа ямархан байгааг хүү нь мэднээ
Таах ч хэрэггүй...

Ааваа хүү нь одоо эцэг болох гээд
Амрагийнхаа зөөлөн хайранд хүүхэд мэт нялхраад
Өнөө маргаашгүй төрөх хүүгийнхээ сайн аав нь байхын тулд
Өөрийнхөө төлөө бус хүүгийнхээ төлөө таниасааа өршөөл эрж байна
Ядаж ганцхан ачийнхаа зулайг үнэрлэхсэн гэлүү ааваа
Яалаа гэж та минь арван ачаа үнсэх хувьтай хүн
Төрөө ч үгүй үрээ би ингэж хайрлаж байхад
Төрүүлсэн намайгаа та ямар их хайрладаг бол
Хажууд минь байгаа эхнэрээ би ингэж их санаж байхад
Хагацаж одсон ээжийг минь та ямар их үгүйлдэг бол

Эхнэр минь миний муу муухай байсныг минь мэднээ, надад нуух эрх байхгүй
Эцэг таны минь уужим их хайрыг ч мэднэ, таньд нуух юм байхгүй
Ээж гэж жүжиглэсэн өнгөрсөн гучин жилийг би цэг болгон эцэслэж
Энэ хорвоод дэргэд минь байгаа бурхан аав таныгаа л хайрламаар байна.
Аль эрт хорвоог орхисон ээжийг чинь амилаая гэж тэр бурхан нь надад амласан ч
Энэний төлөө л чи аавыгаа буруутгаж зовоосон биздээ гэж мянган удаа асуусан ч
Аав таньтай учраад хайраар жаргаж, намайг төрүүлэн таньд үлдээсэн
Азтай тэр нэгэн бүсгүйг сэтгэлдээ тээгээд, таныгаа л хайрламаар байна

Дэргэд минь нойрсох амрагийнхаа амьсгалд догдлоод
сэрээчихвий гэсэндээ
Дэнсэлсэн зүрхний цохилтоо хорьж ядан байна би дурлачихжээ
Хажууд минь зүйрмэглэх ханийхаа хайранд дулаацаад сэвтчихвий гэсэндээ
Халгисан халуун амьсгаагаа тогтоож ядан байна би дурлачихжээ

Ааваа би амьдралд дурлачихжээ
Амгалан энэ шөнийн юм бүхэнд дурлачихжээ
Амрагийнхаа зөөлөн хайранд нь дурлачихжээ
Аав таныхаа намайг хайрласан хайранд тань дурлачихжээ
Бүрхэг тэнгэрийг ч цэлмээж чадах аавынхаа агуу их хайранд би
Бүтэн гучин жил би согтуу явжээ.

Гучин жил миний төлөө л гэж шаналсан зүрхийг тань үгийн, үйлийн мунхагаар шархлуулчихаад
Гутрал хилэн, бор дарс, өнгөнд дурлагч хүүхнээр сэтгэлээ дүүргэж байжээ.
Одоо надад, миний сэтгэлд тийм зай алга
Орчлонд надад байгаа аав та, миний хань, үр гурав минь
Зай завсаргүй сэтгэлийг минь чанга хүлчихээд
Замба хорвоог хайраар дүүргээд байна.

Хүн ганцхан төрдөг гэж энэ худлаа
Хүсвэл дахин төрдөг гэдгийг би мэдлээ
Амьсгалах агаар, ундлах ус намайг тэжээж байсан ч чамладаг байсан би урьд нь
Алгасаж намайг, өрөөл бусдыг тэтгэсэн ч хайрлаж чаднаа хүү нь одоо.
Ганцхан би амьдардаг гэж сохор итгэсэн би үүнийг ухаарсан ч
Газар дээр үлдэх ижил бусаддаа хэлэхгүй одож чадахгүй нь
Хариу нэхэлгүй намайг хайрласаар ирсэндээ та минь цөхрөөгүй
Хайрыг тань ганцаараа авсандаа хүү нь цадаагүй.
Жаргал даадгүйн амьд үлгэр би болон
Зовлон даадгийн гашуун түүх та минь болжээ.

Ааваа хүү нь өнөөдөр л гэнэт ухаармагцаа ингэж өчөөгүй ээ
Архитай урссан он жилүүдээ би үгээр цагаатгах гээгүй ээ
Уруудаж дордох зам нь дардан, өргөн байдаг ч гэсэн
Өөдлөж өгсөх жим нь бартаатай бөгөөд нарийн юмаа
Хүү нь таныгаа нууцаар олон удаа эргэсээн
Хүн шиг хүн болчихоод таньдаа ирнэ гэж түүнээс олон амласан
Хүүдээ гэж хураасан мөнгийг тань хамаад ааваасаа одсон нэг өдөр байсан бол
Хэзээ ч амсуулж байгаагүй хайраа тээгээд аавдаа очих нөгөө өдөр заавал байна
Азгүй тэнэг хүүгээ гэнэтхэн харахаасаа өмнө
Амьд сэтгэлийн үгтэй захиаг минь уншаарай
Хүү минь өвөө гэж хэлд ороосой гэж би хүсч байна
Хүү тань ааваа, аав минь, миний аав гэж чанга тэврэхийг хүсч байна.

Амьд бурхан аавдаа .....
Ачлалгүй тэнэг хүүгээс нь



Зүүдээ шүлэг болгон амилуулав.

Tuesday, 2 September 2008

Дурсамж хүн




Хүн дурсамжинд амьдардаг гэж
Хэлээд өгөхгүй яагаав хэн нэгэн
Алд бие утаа болон замхраад өгнө
Ахиухан дурсамж үлдээ гэж сургаад өгөхгүй яагаав
Зуурхан өнгөрөх амьдралдаа
Зуу зуун жил дурсагдах зөв хүн байх хэцүү юм
Зуурдийн төдийд л зурагдаад өнгөрөх амьдарлын
Зурмал хөрөг нь байх бүр ч хэцүү юм
Үзэсгэлэнт сайхан царай үрчийж хөгширдөг гэж
Өнгө тансаг амьдрал хорогдоод дуусдаг гэж
Гал халуун хайр хагацал үзэж өнчирдөг гэж
Ганцхан дурсамж хоцордог гэж сануулаад өгөхгүй яагаав

Өнгөрсөн амьдрал үлдсэн дурсамж
Өөдөөс айсуй нь ч үлдэх дурсамж
Өөрөө хүн тэр чигээрээ дурсамж
Өнгө өнгийн сүүдэртэй дурсамж

Monday, 1 September 2008

Өргөс болж төрдөг байж...


Өргөс болж төрдөг байж

Өвдтөл хатгадаг

Өргөс болж төрдөг байж

Өрөөлийн зүрхийг үл тоодог

Өөрийгөө л хайрладаг

Өргөс болж төрдөг байж

Өвддөгүй зүрхийг чинь тэгээд

Өм цөм хатгадаг байж

Өөрийнхөө зүрхийг чамд хатгуулдагүй байж


Өргөс болж төрдөг байж... .

Би яах гэж төрсөн юм болоо


Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй
Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй
Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй
Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ.
Би
Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй
Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй
Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй
Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. 
Би
Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй
Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж төрөөгүй
Бүрхэг тэнгэрийн бороонд норж бээрэх гэж төрөөгүй
Бүтэхгүй хайрын суманд оногдож шархдах гэж төрөөгүй ээ.

Тэгвэл би яах гэж төрсөн юм болоо.
Би
Амраг хосууд хайрын дуугаар дутахвий гэж
Айлын инээд хөөр үр нь болох гэж төрсөн юм.
Заяадаг л нэг үр биш
Зарчимдаа үнэнч, ачлал нь уужим охин нь болох гэж төрсөн юм.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Бэлтгэлгүй нэг нь сэтгэлийнхээ жаварт цантахвий гэж
Бэх цаасаар шүлэг нэхэж дулаацуулах гэж төрсөн юм.
Зүгээр ч нэг шүлэг
Зүү нь хурц, утас нь гэрэлтэй шүлэг нэхэх гэж төрсөн юм.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Эрэмбэгүй үхэл ээлжгүй нэгнийг дайрахвий гэж
Энэрлийн дээд эмч болох гэж төрсөн юм.
Тааралддаг л нэг эмч биш
Тархи нь мэдлэгтэй, сэтгэл нь цагаан эмч болох гэж төрсөн юм.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Оломгүй хайраар дутаж эр хүн ганцаардахвий гэж
Орчлонг хамтдаа элээх бүсгүй нь болох гэж төрсөн юм.
Олддог л нэг бүсгүй биш
Оюун нь цэлмэг, хайр нь үнэнч бүсгүй болох гэж төрсөн юм .

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Туургатан монгол минь түүхийн өмнө сөхрөхвий гэж
Тулгаа галаар таслахгүй байх монгол хүн болох гэж төрсөн юм.
Төрдөг л нэг монгол хүн биш
Төрсөн эх орныхоо төлөө зүрх нь хатгадаг, тархи нь ээддэг монгол хүн болох гэж төрсөн юм.